“Монголын Цахилгаан Холбоо” компани Анхдагчаар тодорлоо

2011-11-11

2011.11.11 ний өдөр Монгол улс 11 анхдагчтай боллоо. Мянган жилд ганцхан удаа тохиох энэ өдрөөр Монголын анхдагчид тодорсон нь басхүү сонин содон үйл явдал байлаа.


Бүтэн зууныг судалж, бүх Монголоороо саналаа өгч тодруулсан Монголын анхдагчдын нэгээр О.Батчулуун захиралтай Монголын Цахилгаан Холбоо компани шалгарсан юм. Ардын хувьсгалтай үе чацуу харилцаа холбооны ууган компани МЦХ компани өдгөө 9 арваныг үдээд байгаа. Анхны станц суурилуулсан, кабелийн анхны сүлжээ байгуулсан, бүх сум сууринг анх холбосноос аваад анхны таксафон, анхны утас, анхны интернэт, анхны кабелийн телевиз гээд харилцаа холбооны анхдагч бүхэн МЦХ компанийн түүхэнд бичигддэг.


Анхдагч байна гэдэг нэр хүндийн хэрэг. Тийм ч учраас МУ-ын анхны Ерөнхийлөгч П.Очирбат “анхдагч гэдэг бол бараг цол юм” гэж тодорхойлон хэлжээ. Үнэхээр ч анхдагч цолоор овоглосон энэ хамт олон улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж, анхдагч гэсэн байр сууриа үргэлж хадгалсаар ирсэн бөгөөд чухамхүү энэ л хэмнэлээрээ харилцаа холбооны салбарын асар хурдацтай хөгжлийн алхааг тэргүүлсээр явнаа.